Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, ‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг’ гэв” (Иов 1:20-21).
“Тэр, ‘Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө’ гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав. … Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа” (Эхлэл 22:2-3, 9-10).
“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).
Холбогдолтой Бурханы үг:
Есүс Өөрийн хувийн төлөвлөгөө, бодолгүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Иймээс Тэр ч бас та бүхний маш сайн ойлгодог Бурханы ойр дотнын хүн—Бурхан Өөрөө байсан. (Үнэндээ Тэр бол Бурханаар гэрчлэгдсэн Бурхан Өөрөө байсан; үүнийг тайлбарлах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгт залбирч, тэнгэрлэг Эцгийн хүслийг эрж хайдаг байлаа. Тэрээр залбиран: “Эцэг Бурхан минь! Миний санааны дагуу үйлдэлгүй, харин Та Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдээч. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн санаа зорилгын дагуу Надад хийх зүйлээ хийгээсэй гэж Би хүсэж байна” гэсэн юм. Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлээд, мөн Үхэгсдийн орны дөнгийг давсан юм. Түүний өмнө үхэл, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлыг алдаж, Түүнд ялагдсан билээ. Тэр гучин гурван жил амьдарсан, энэ хугацаандаа Тэрээр тухайн үеийн Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж чадах бүхнээ хийж, Өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байлаа. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнийг ихэд таалдаг” гэж хэлсэн юм. Бурханы өмнөх Түүний үйлчлэл Бурханы хүсэлтэй нийцэж байсан учраас Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн бөгөөд Тэрээр энэ чухал ажлыг дуусгах эрхтэй, мөн шаардлага хангасан байв.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таалагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх ёстой. Чи хүмүүсийн ард, эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд ямар ч хэтийн ирээдүйгүй байсан ч, юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болон хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгдэнэ. Иймээс энэ хүмүүс Бурханд таалагддаг, тэд бол Бурханы хүсэлд нийцэх үйлчлэгчид бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чаддаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Петр Бурханд итгэх итгэлээрээ бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, өөрийн амьдрал дахь гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байлаа. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн хайр дахь цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас
Петрийг дурдмагц хүн бүр магтаалаар дүүрч, … Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сэргэг байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, бүр чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар хайрлахын тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалтан дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс
Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурханыг буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүнээс болж Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан авир ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнөхөөсөө хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан авир болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханаас салж яддагийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит үйлдлээ ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг үнэнч шударга зангийнхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь төрсөн өдрөө өөрийн эрхгүй хараахад түүнийг хүргэсэн юм. Тийм үйлдэл нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсэхгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ … Тэрээр Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болж, чөлөөлөгдсөн юм …
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос
Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-оос