26/12/2019

2. Христ үнэхээр Бурханы Хүү юм уу, эсвэл Бурхан Өөрөө юм уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
2. Христ үнэхээр Бурханы Хүү юм уу, эсвэл Бурхан Өөрөө юм уу?

“Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ’ гэв” (Иохан 14:8-11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах явдал бөгөөд Бурханы хүслийн төлөө байдаг юм. Бурхан махбодтой болдог учраас мөн чанараа Өөрийн махбод дотор биежүүлж, улмаар Түүний махбод ажлыг нь даахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон бүх хугацааны турш дахь ажил нь Христийн ажлыг цөмөө болгодог. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбодтой болдог тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодтойгоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх ёстой ажлаа хийж, биелүүлэх ёстой үйлчлэлээ биелүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, ямар өнцгөөс ярих нь, эсвэл ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Тэр үед Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан, энэ нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс энгийн, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн (эрэгтэй, эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) хүн байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа …” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Харин ч Тэр өөр өөр бие байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бие гэдэг нь огт оршдоггүй гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байв. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment