12/11/2018

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн.
Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золин авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ хүнийг гэсгээх Миний гэсгээлт болон Ариун Сүнснээс олдож төрөлгүйгээр одоо ирж байгаа маань цовдлолын дараа болоогүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

No comments:

Post a Comment