13/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?



Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын бүртгэл, тэдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын бүртгэл бөгөөд хоосон хуурмаг биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой ба цаашлаад ямар ч үе шатыг орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой хамгийн наад захын зүйл юм. Хүн өөрөө Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг бодож олж чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн энэ нь Ариун Сүнсний нэг хүнд зориулсан тусгай ивээлийн үр дүн ч биш. Үүний оронд энэ нь хүн Бурханы ажлыг мэдэрч туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд энэ нь Бурханы ажлын бодит байдлуудыг мэдэрсний дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг гэнэт олж авдаггүй, энэ нь мөн заалгаж болдог зүйл биш. Энэ нь бүхэлдээ хувийн дадлага туршлагатай холбоотой. Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь ажлын эдгээр гурван үе шатны гол цөмд байдаг, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болоод Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг таньж мэдэх нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүүдийн хуваалт, Бурханы ажилд гарсан өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь зөвхөн нэг хэсгийг төлөөлж чадах ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдана. Энэ нь бусад талууд байтугай эрин үеүүдийн хуваалт эсвэл Бурханы ажилд гарсан өөрчлөлттэй хамаагүй.
Энэ нь мэдээж илэрхий зүйл юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн Бурханы ажлыг болон авралын ажил дахь Бурханы зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, сахил санваараас өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг итгүүлж эсвэл байлдан дагуулж чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай тохирохгүй бөгөөд энэ нь үнэн биш юм. Энэ нь маш элбэг, сонсоход таатай байж болох юм, гэвч хэрвээ энэ нь Бурханы төрөлхийн зан чанартай таарахгүй байвал Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам мөн Түүнийг гүтгэсэн нүгэлтэн байсны чинь төлөө чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгс нь хөнгөхнөөр яригддаггүй. Хэдий чи хэлэмгий, уран үгтэй бөгөөд чиний үг үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярихад энэ нь чиний ойлголтоос хэтэрнэ. Бурхан бол чиний яаруу шүүж эсвэл санаандгүй магтаж, эсвэл хайхрамжгүйгээр гүтгэх хэн нэгэн биш. Чи хэн нэгнийг, хүн бүхнийг магтдаг, гэвч Бурханы агуу ач болон энэрэнгүй байдлыг дүрслэх зөв үг олохдоо чи хүч гаргадаг—энэ нь бүх бүтэлгүйтсэн хүмүүсийн ойлголт юм. Хэдийгээр Бурханыг дүрслэх чадвартай хэлний мэргэжилтнүүд олон байдаг ч тэдний дүрсэлж байгаа зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай боловч баялаг туршлага агуулсан Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэг хэсэг байдаг. Тиймээс Бурханы мэдлэг нь үгний ухаалаг хэрэглээ эсвэл баялаг үгсийн санд биш харин үнэн зөв байдал болон бодит байдалд оршино гэдгийг харж болно. Хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг нь огтхон ч хамаагүй. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас илүү өндөр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөхөн хэдэн хүмүүсийн сурдаг хичээл бөгөөд авьяас чадвартай ямар ч хамаагүй хүн үүнд хүрч чадахгүй. Иймээс та нар, Бурханыг мэдэх болон үнэнийг эрж хайх явдлыг хүүхэд хүртэл хийж чадна гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдралдаа, өөрийн мэргэжилдээ эсвэл гэрлэлтэндээ үнэхээр амжилттай байж болох юм, гэвч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл чи үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын хувьд тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч илүү том асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх ажилд зарим нэг амжилт гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг эсвэл ямар хэмжээнд хүрвэл Бурханыг мэднэ гэж тооцогдохыг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай байдаг зүйл бөгөөд энэ нь энгийндээ хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том таавар—хэн ч энэ асуултанд хариулах чадваргүй ба хэн ч энэ асуултанд хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Магадгүй ажлын гурван үе шатны таавар хүмүүст мэдэгдэх үед, Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүсийн залгамж холбоо гарч ирэх болно. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, мөн үүнээс ч илүүтэйгээр Би энэ ажлыг биелүүлэх үйл явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж мөн ажлын энэ гурван үе шатыг ч гэрчлэх эхний хүмүүс байх юм. Бурханы ажил төгсгөлдөө очих өдөр хэрвээ тийм авьяастнууд байхгүй бол эсвэл ердөө ганц хоёрхон байж, бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахаар биечлэн хүлээн зөвшөөрсөн бол хэдийгээр энэ нь хамгийн муугаар бодсон хувилбар ч гэсэн үүнээс илүү харамсалтай, сэтгэл түгшээсэн зүйл байхгүй. Юу ч болсон гэсэн Би, үнэхээр зорьсон хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч гарч байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал энэ нь бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Хүн төрөлхтний дундах ямар ч хүн Бурханд үүнээс илүү сайшаагдана гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш, гэвч эцэст нь зохих шангаа хүртэх болно. Өөрсдийн хүйс, үндэстнээс үл хамааран Бурханы хүслийн мэдлэгт хүрэх чадвартай бүх хүмүүс эцэст нь Бурханы хамгийн агуу нэр төрийг хүлээн авч Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажлаар хийгдэх сүүлчийн хамгийн дээд ажил бөгөөд энэ нь хүний төрөл бүрийг илчилдэг ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжуулан хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг авч, Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагыг хангадаг байхад Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы ерөөлийг авч, Түүний амлалтуудыг хүлээн зөвшөөрөх эрхгүй байдаг. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотны хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүс нь Бурханы дотны хүмүүс гэж нэрлэгдэхгүй; Бурханы дотны хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч хүртэх эрхгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт эсвэл шүүлт ч бай бүгд эцэстээ хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэхийн төлөө байдаг ба ингэснээр хүн Бурханд захирагдаж магад билээ. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр нөлөө юм. Ажлын гурван үе шатны юу ч нууцлагдаагүй, энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгт ашигтай бөгөөд Бурханы талаар бүрэн дүүрэн, нэгд нэггүй мэдлэгийг олж авахад хүнд тусалдаг. Энэ бүх ажил хүнд тустай юм.

Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой үүнээс илүү агуу үзэгдэл байхгүй. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амархан биш, Бурханы хүслийг ойлгоход амархан биш байдаг ба цаашлаад хүний алхаж буй зам илүү бэрх хэцүү болдог. Үзэгдэлгүйгээр хүн энэ хүртэл явж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл хүнийг хамгаалсан зүйл нь үзэгдэл байсан ба энэ нь хүнийг хамгийн агуу хамгаалалтаар хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд та нар, ажлын гурван үе шатан дахь Түүний хүслийн бүрэн дүүрэн байдал болоод Түүний ухаалаг ажлын гол утгыг мэдэж авах ёстой. Зөвхөн энэ л та нарын биеийн жинхэнэ хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь биеэ даасан зүйл биш харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл юмны нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл ажлын гурван үе шатны зөвхөн нэгийг хийснээр авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг зөвхөн дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй ба ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат бөгөөд тэдгээрийн дундах аль нэг үе шат биш. Авралын ажил биелээгүй байсаар байгаа цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсгөлдөө очиж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгддэг, бүр эхнээсээ хүнд илчлэгддэггүй харин аажмаар авралын ажлаар илэрхийлэгддэг билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс ажлын гурван үе шат дуусангуут л авралын ажил бүрэн төгсөнө, иймээс Бурханы бүрэн дүүрэн байдлын талаарх хүний мэдлэг нь Бурханы ажлын гурван үе шатнаас салшгүй юм. Ажлын нэг үе шатнаас хүний олж авдаг зүйл нь ердөө л Түүний ажлын нэг хэсэгт илэрхийлэгдсэн Бурханы зан чанар билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатан дахь зан чанар болоод оршихуйг нь төлөөлж чадахгүй. Учир нь, хүнийг аврах ажлыг нэг цаг хугацаанд эсвэл нэг газарт шууд дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газар нутаг дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар илүү гүнзгий болдог. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд хийгдэж дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь биеэ даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд хэлбэрждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог, үе шат бүр Түүний оршихуйг агуулдаг бөгөөд энэ нь Түүний ажлын мэргэн ухааны бүртгэл юм. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы оршихуй нь бүх хүн төрөлхтөнд хамгийн их ач холбогдолтой ба хэрвээ Бурханыг шүтэх үед хүмүүст энэ мэдлэг байхгүй бол тэд Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын гурван үе шатыг хүмүүсийн дунд хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүнээр хийгдэх ёстой зүйл юм. Бурханы хүнээс нуудаг зүйл нь хүний биелүүлж чадахгүй мөн хүний мэдэх ёсгүй зүйл бөгөөд харин Бурханы хүнд үзүүлдэг зүйл нь хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйл байдаг. Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар нэгэн агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь зүгээр л мэдэх хэрэггүй ачаа дарамт гэж итгэдэг хүмүүс байдаг. Эдгээр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй бөгөөд аль болох хурдан нуух ёстой, ингэснээр хүмүүс ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатны ажлаас болж цочирдохгүй гэж тэд итгэдэг. Өмнөх хоёр үе шатны ажлыг мэдэгдэх нь хэтэрхий илүү алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүмүүс итгэдэг—тэр бол та нарын боддог зүйл. Өнөөдөр ийм байдлаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг, гэвч та нар Миний ажлын ач холбогдлыг ухаарах өдөр ирэх болно: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Нэгэнт Би ажлын гурван үе шатыг тунхаглаж байгаа учраас тэдгээр нь та нарт ач тустай байх ёстой; нэгэнт ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөмд байдаг учраас тэдгээр нь орчлон ертөнц даяарх хүн бүхний анхаарлаа төвлөрүүлэх зүйл болох ёстой. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын ач холбогдлыг ухаарах болно. Бурханы ажлын зарчмыг мэддэггүй учраас мөн Ариун Сүнсний ажлыг хангалттай ноцтойгоор авч үздэггүй учраас та нар Бурханы ажлыг эсэргүүцдэг эсвэл өнөөдрийн ажлыг хэмжихийн тулд өөрсдийн үзлээ ашигладаг гэдгээ мэдэж ав. Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүй юм. Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэж үү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх үйл явцдаа л Түүнийг мэдэж эхэлдэг; Түүнийг дураараа шүүмжилснээр тэр Бурханыг мэдэж авдаггүй харин Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулж мэддэг. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Чиний үзэл, чиний хуучин угийн чанар, чиний хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд чи хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна, төдий чинээ Бурханы дайсан байдаг. Жигшмээр үзэлтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс нь антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл цэвэрлэгдэхгүй бол тэр нь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай зохицолтой байж чадахгүй бөгөөд үргэлж Түүнээс тусгаар байх болно.

No comments:

Post a Comment