Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлсөн ба Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил зөвхөн Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил нь зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль ба Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг удирдан чиглүүлжээ. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, Бурхан Есүс хэмээх нэрээр ажиллаж, эрин үеийг залж чиглүүлж байлаа. … Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан боловч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр өөр байсны адилаар ажлын агуулга өөр байсан, эрин үе ч өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам бүрд Тэрээр шинэ нэр авдаг бөгөөд Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагшлах чиглэлд ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагшилдаг ба Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү агуу, шинэ ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. Ехова хэмээх нэр нь хуулийг дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших чадваргүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байсан. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш юм. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаарт өндийн босдог, Өөрийн бүх зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, суу алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарыг үргэлж мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Тайлбар:
a. Эх бичвэрт “энэ нь” гэсэн байдаг.
No comments:
Post a Comment