27/03/2020

2. Хүн итгэлдээ Библийн теологийн мэдлэгт түшиглэхийн үр дагавар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:8-9).

“Учир нь үсэг хөнөөдөг боловч Сүнс амь өгдөг” (2 Коринт 3:6).

Холбогдолтой Бурханы үг:

Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдарч, махан биед, хувиа хичээсэн хүсэлд амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг тэдгээр хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, Минийхээс эсрэг замаар явж, үг нь биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утга учиртайг ч мэддэггүй ба судрыг зүгээр л сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлаж, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Намайг өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөрт нь гаргах үед, хүн Миний оршин тогтнолыг улам ч эрчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атал хүмүүсийн дунд амьдардаг Би ердөө хэтэрхий өчүүхэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрэлхийлдэг, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг болон өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний хөлийн мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос


Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан атлаа ердөө мэдлэгтэй болж, дараа нь бодитой замын талаар юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхэг мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч үүний аль нь ч ямарваа бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ Бурханыг эсэргүүцэж, сөргөлдөхөд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн өндөр дээд онолуудыг ярьж чаддаг байж магадгүй—гэхдээ эдгээр нь бодит байдлаас юу ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс эдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон хэсэг дүрмийг бий болгож, хүмүүсийг чамд дургүйцэхэд хүргэнэ. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас

Та нарын мэдлэг хүмүүсийг хэсэг зуур л хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг юмаа л яриад байвал чинь зарим хүн үүнийг ялган танина; тэд чамайг хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдлаар дэндүү дулимаг гэж хэлнэ. Хоосон сургаал номлох замаар хүмүүсийг хууран мэхлэхээр оролдохоос өөр сонголт чамд үлдэхгүй. Хэрэв чи үргэлж энэ маягаараа явбал доорх хүмүүс чинь чиний арга барил, алхам болон итгэлийн үлгэр дуурайлыг дагаж, тэдгээр үг болон хоосон сургаалыг туулж, хэрэгжүүлэх үлгэр дуурайлыг чинь дагах болно. Эцсийн эцэст чамайг үргэлжлүүлэн номлох тусам тэд бүгд чамайг үлгэр жишээ болгохдоо тулна. Чи бусдыг удирдахдаа хоосон сургаалын тухай ярьдаг тул доорх хүмүүс чинь чамаас хоосон сургаал сурч, юмс өрнөхийн хэрээр чи буруу замаар орсон байх болно. Доорх хүмүүс чинь чиний явдаг ямар ч замаар явна; тэд бүгд чамаас суралцаж, чамайг дагах тул чамд: “Би одоо хүч чадалтай боллоо; ийм олон хүн үгийг минь сонсож, чуулган миний эрхээр байна” хэмээн санагдана. Хүний доторх урвалтын энэхүү уг чанараас үүдэн чи өөрийн мэдэлгүй Бурханыг нэр төдий удирдагч болгон хувиргаж, дараа нь өөрөө нэг төрлийн урсгал байгуулдаг. Янз бүрийн урсгал ийнхүү үүсдэг юм. Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

No comments:

Post a Comment