13/03/2020

2. Гурвал гэдгийг хамгийн утгагүй үг гэж яагаад хэлж болох вэ?


Холбогдолтой Бурханы үг:

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Өөрөөр хэлбэл, хүний уламжлалт үзэлд баримталдаг ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Зөвхөн Энэ гурван хэсгийг нийлүүлбэл Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгч энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүн байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд бас гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу, эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас


Гэсэн ч зарим хүмүүс одоо хүртэл: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болох болно” хэмээн хэлдэг. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй Тэд хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгоно гэж хэлэх үед энэ нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлэх явдал биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш бөгөөд материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүмүүсийн үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, мөн Ариун Сүнс бас нэг Сүнс, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нь нэг болохгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Тэр үед Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан, энэ нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс энгийн, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн (эрэгтэй, эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) хүн байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа …” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Харин ч Тэр өөр өөр бие байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бие гэдэг нь огт оршдоггүй гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байв. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Одоо чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заасны дараа та нар бүгдээрээ Хүү болохгүй гэж үү? Хэрвээ та нар одоо ч итгэхгүй байвал та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? гэдгийг Надад хэл. Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү хэллэг байхаа больсон. Энэхүү хэллэг нь Есүс махбод болсон тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү хэллэг хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хүний хэллэгэд олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл; цааш нь нарийвчлан судлалгүйгээр та нар бүгд тэдгээрийг зөв хэмээн итгэдэг. Бурханыг Гурвал гэж үздэг энэ хэллэг нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн гүйцэд биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүний санаа хэтэрхий олон байдаг; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж огт чадахгүй гэдгийг л энэ нь харуулдаг. Хүний оюун санаанд хэтэрхий их зүйл байдаг, бүгд логик болон бодлоос үүсдэг ба үнэнтэй зөрчилддөг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юу, эсвэл мөнхөөс мөнхөд харах чадвартай нэгэн нь Бурхан Өөрөө юу? Эртний мөнхөөс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь чи юу, эсвэл ингэж чаддаг нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юун дээр үндэслэдэг вэ? Чи Бурхан уу? Тэнгэр газар болоод үүн дэх бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад дур зоргоороо тайлбарлаж байгаа юм бэ? Одоо чи Гурвалд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядраатай гэж чи бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хавьгүй дээр байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь Эзэний ачаа хөнгөн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас


No comments:

Post a Comment