12/01/2020

4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангаж ирсэн бэ?

Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр үргэлж тэдний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласаар ирсэн болохоор Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоогийн Хаанчлалын эрин үеийг авчирсан. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон хүн төрөлхтнийг гэх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн харилцсаар ирсэн Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийн цэвэр илэрхийлэл мөн. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар, эсвэл аль өнцгөөс хийж байгаагаас үл хамааран хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч өнцгөөс ярьж байсан бай—гурав дахь тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүйгээр, нууж далдлахгүйгээр ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс

Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ үүнийгээ хэнд ч зарладаггүй, мөн Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхнээр, тун аяндаа хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар нөхцөл байдалтай байх, эцэг эх чинь хэн байх, өвөг дээдэс чинь хэн байх—энэ бүхнийг Бурхан аль хэдийн шийдсэн байдаг. Иймээс эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь харж, төрөлтийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь харж байдаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг… одоо чи гүйж чадна, үсэрч чадна, ярьж чадна, өөрийн мэдрэмжийг илэрхийлж чадна. Хүнийг өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, эсвэл орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх ёстой зүйлийг хийдэг, Өөрийн хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч, өвчин эмгэг, бүтэлгүйтэлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжин дор байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, чамайг харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харьцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чи дуртай зүйлээ хийх дуртай байдаг. Чи өөрийн хүн чанар дотор амьдарч, өөрийн гэсэн амьдралын орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолын талаар өчүүхэн төдий ч ухамсарлах чадвар чамд байдаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг ба урагшлах алхмаа хийх бүрд чинь чамайг харж байдаг. Мэдлэг суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй юм. Чи бусад хүмүүстэй адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харьцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилгыг бий болгож, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас өндөр дээд амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй Бурхан бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн үеийг мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы нүдэн дор амьдарч, өсөж бойжиж, нас биед хүрдэг. … Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы хувьд энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл нь энэ бүх зүйлээс хавьгүй илүү давсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан хүн нэг бүрийн аюулгүй байдлыг батлан даах ёстой юм. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй та нар үүнийг ямар нэгэн аюул, гай гамшгийг хэзээ ч туулахгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх нь лавтай. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр та нарын аюулгүй байдлыг батлан даах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл нь юу юм бэ? Энэхүү аюулгүй байдал нь чи Сатанд залгиулахгүй байх гэсэн үг. Энэ нь чухал уу? Чи Сатанд залгиулахгүй, тэгвэл энэ нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Энэ нь чиний хувийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Нэгэнт чи Сатанд залгиулчихвал сүнс чинь ч, махан бие чинь ч Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан цаашид чамайг аврахгүй. Бурхан тийм сүнснүүдийг орхидог бөгөөд тийм хүмүүсийг орхидог. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг батлан даах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байх явдлыг хариуцахаас гадна хамаагүй их ажил хийдэг; Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын төлөө бэлтгэхдээ асар их ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэчнээн олон ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх—энэ бүхнийг Бурхан чиний төлөө нягт нямбай зохицуулдаг. … Гадна талаасаа, хүний төлөө Бурхан тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон ямар ч зүйл хийгээгүй мэт харагддаг; Тэр зүгээр л бүхнийг нууцаар, анхаарал таталгүйгээр, чимээгүйхнээр хийдэг. Гэхдээ үнэндээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, өмнөх замыг чинь бэлдэж, чиний авралын төлөө хэрэгтэй бүх нөхцөлийг бэлтгэхийн тулд хийгддэг. Дараа нь, Тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—чиний хувьд Бурханы дуу хоолойг сонсох цаг ирэх үед тэр нь Түүний өмнө очих цаг чинь юм. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, хүүхэдтэй болсон байхад зарим нь ганц бие хэвээр бөгөөд хараахан гэр бүлээ эхлээгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан Бурхан чиний сонгогдох цагийг болон Өөрийнх нь сайн мэдээ болон үг чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоосон байдаг. Бурхан тодорхой орчин, тодорхой хүнийг шийдэж, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал дор хэн нэгнээр чамд сайн мэдээ дамжуулахыг, ямар орчинд чамд Бурханы үгийг сонсгохыг тогтоосон байдаг. Бурхан чамд хэрэгтэй бүх нөхцөлийг аль хэдийн бэлтгэсэн байдаг болохоор өөрийн мэдэлгүйгээр чи Түүний өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн чи өөрийн мэдэлгүйгээр Бурханыг дагаж, Түүний алхам алхмаар хийгддэг ажилд орж, алхам алхмаар чиний төлөө бэлтгэсэн Бурханы ажлын арга замд ордог. … Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгэхэд хүргэсэн нь хамаагүй үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхэндээ Бурхан чамайг сонгож, чамайг Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

Өнөөгийн эцсийн өдрүүдийн ажлын алхамд Бурхан анхныхтайгаа адилаар хүнд зөвхөн нигүүлсэл болон ерөөлийг хайрладаггүй, мөн хүмүүсийг ч аргаддаггүй. Ажлын энэ үе шатанд өөрсдийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Тэд Бурханы хайрыг харсан, мөн Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан цаашид хангах, дэмжих, гэгээрүүлэх, залж чиглүүлэх арга замыг ашиглан Өөрийн санаа зорилго, Өөрийн хэлдэг үгийг болон хүнд хайрладаг Түүний үнэнийг хүнд аажмаар ойлгуулдаг. Хүнийг сул дорой байх үед, тэднийг сэтгэлээр унасан байх үед, хаашаа ч явах замгүй байх үед нь Бурхан тэднийг тайтгаруулж, ятгаж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадлаа олж авч, идэвхтэйгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл өөрсдийн завхралыг харуулах үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр тэднийг цохиж, сахилгажуулдаг. Хүний тэнэглэл, мэдлэггүй байдал, сул дорой байдал, төлөвшөөгүй байдалд Бурхан хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Ийм байдлаар хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, зарим нэг үнэнийг ойлгож, эерэг зүйл юу болохыг, сөрөг зүйл юу болохыг мэдэж, ёрын муу гэж юу болох, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цохиж, сахилгажуулдаггүй, мөн үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө маш олон зүйл хийж, асар их төлөөс төлсөн; хүн энэхүү төлөөсийг, Бурханы хийдэг эдгээр зүйлийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэн бодитоор хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, хүний сул дорой байдалд Бурхан хүлээцтэй байдлаа дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон удирдамж бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэн болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл нь Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээрх ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга замыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харж, тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурханы харахыг хүсдэг зүйл нь хүний зүрх сэтгэл сэргээгдэх явдал юм. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга зам нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадгийг, мөн хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх явдал; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх явдал; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч, хүнийг аврах Түүний ажлын ар дахь чин сэтгэлийн хүчин чармайлтыг ухаарах явдал юм. Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилгын нэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас

Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн одоо ч Бурханы хайрласан гэрэл, агаарыг эдэлж, Бурханы Өөрийн гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэгс, шувууд, загас жараахай, шавж хорхойг эдэлж, Бурханы хангасан бүх зүйлийг эдэлдэг; өдөр шөнө бас л үргэлжлэн ар араасаа солигддог; дөрвөн улирал ердийнхөөрөө ээлжилдэг; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас жараахай өөрсдийн гэр болох гол, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; галуу сүрэглэн цугларахад бүргэд ганцаараа байдаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс ногоо, цэцэгсээс холддоггүй… Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд үй түмэн өөрчлөлт тохиолддог—харин тэдний зөн билэг ба амьд үлдэх хууль л өөрчлөгддөггүй. Тэд Бурханы хангалт, тэжээл дор амьдардаг бөгөөд зөнг билгийг нь хэн ч өөрчилж, амьд үлдэх дүрмийг нь хэн ч доголдуулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтнийг Сатан ялзруулж, мэхэлсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс тэд бас л татгалзаж чадахгүй бөгөөд Бурханы бүтээсэн энэхүү орон зайд хүн одоо ч амьдарч, өсөж үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн билэг өөрчлөгдөөгүй. Хүн бас л харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд зүрх сэтгэл, алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх зэрэгтээ түшиглэдэг; Бурханы хангалтыг хүлээн зөвшөөрч чаддаг болгох гэж Бурханаас хүнд хайрласан бүх зөн билэг нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн, Бурхантай хамтран ажиллах хүний чадавх өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадавх өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, гарал үүслээ олж тогтоох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр авруулах гэсэн хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл ч өөрчлөгдөөгүй. Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал энэ юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс ба ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдэнд бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, хүн төрөлхтөн энэ үед Бүтээгчийн эрх мэдэл дор үнэхээр эргэн очсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс

No comments:

Post a Comment