1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь
(Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.
Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.
“Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.” Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханы хувьд боломжгүй зүйл юу ч үгүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, ид шидтэй санагдаж байсан нь гарцаагүй боловч Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Нэгэнт энэ нь Бурхны хувьд энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг ялган тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ хүчит үйлсийн цаана байгаа зүйл нь Эзэн Есүсийн хүслийг агуулдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй.
Эхлээд эдгээр таван мянган хүн нь ямар хүмүүс байсан талаар ойлгохоор оролдоцгооё. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж болно. Тэд Эзэн Есүс хэн болохыг мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Хамгийн наад зах нь, тэдний өмнө зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй эсвэл магадгүй зарим хүмүүс зөвхөн Түүний нэрийг л мэддэг, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэддэг эсвэл ямар нэг зүйл сонссон байж болох юм. Тэд түүхээс Эзэн Есүсийн талаар зүгээр л сонирхож байсан, гэхдээ тэд Түүнийг дагасан, тэр ч бүү хэл Түүнийг ойлгосон гэж та нар хэлж мэдээж болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүмүүсийг харахад тэд маш ихээр өлсөж, зөвхөн цадталаа идэх тухай л бодож байсан, иймээс энэ нөхцөлд Эзэн Есүс тэднийг хүслийг биелүүлсэн. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг хүсэж байсан эдгээр хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон Түүний хандлага нь Бурханы зан чанар болон мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Түүний талаарх сониуч зан, итгэл найдвараар дүүрэн эдгээр хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах тухай л бодсон. Гэсэн хэдий ч тэд Түүний дагалдагчид болох болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан юм, иймээс Тэр Өөртөө байсан зүйлийг хамгийн сайнаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх хоёр загасыг ашигласан. Тэр зугаа цэнгэлийг таашаадаг, гайхамшгийг харахыг хүссэн эдгээр хүмүүсийн нүдийг нээсэн бөгөөд тэд бие махбодтой болсон Бурханы хийж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйлийг ашигласан боловч, энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан, иймээс Тэр юу ч хэлээгүй эсвэл тэдэнд огт номлоогүй—Тэр зөвхөн тэдэнд энэ гайхамшгийг харуулсан. Тэр Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартаа ханддаг шигээр энэ хүмүүст огтхон ч хандаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээлүүд Түүний захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Тэр Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн харцан дахь бүтээлүүдэд олгодог юм. Хэдийгээр эдгээр хүмүүс Тэр хэн болохыг мэдээгүй эсвэл Түүнийг ойлгоогүй, эсвэл талх загас идсэний дараа ч тэдэнд Түүний талаарх ямар нэг тодорхой төсөөлөл эсвэл Түүнд талархах сэтгэл байгаагүй боловч энэ нь Бурханы хүлээн зөвшөөрөөгүй зүйл биш байсан—Тэр эдгээр хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломжийг өгсөн. Бурхан Өөрийн хийдэг зүйлдээ зарчимч бөгөөд Тэр үл-итгэгчдийг харж, хамгаалдаггүй, Тэр ялангуяа тэдэнд Түүний нигүүлслийг эдлэх боломж олгодоггүй гэж зарим хүмүүс хэлдэг. Үнэхээр тийм байдаг гэж үү? Бурханы нүдээр, тэд Түүний Өөрийн бүтээсэн амьд бүтээл мөн л юм бол Тэр тэднийг удирдаж, анхаарал тавих болно; Тэр тэдэнд өөр өөр байдлаар хандаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирах болно. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол болоод хандлага юм.
Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй байсан ч Тэр тэдэнд хатуурхаагүй юм; тэднийг цадталаа идмэгц Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ямар нэг зүйл номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Бичээст Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж бичигдээгүй; Тэр гайхамшгийг үйлдэж дуусаад чимээгүйхэн явсан. Иймээс Тэр хүмүүст ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Эдгээрийн аль нь ч байгаагүй—Өөрийг нь дагаж чадахгүй эдгээр хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Учир нь Тэр хүн төрөлхтний гажуудлыг харж, хүн төрөлхтөн Түүнийг голсныг мэдэрсэн бөгөөд Тэр энэ хүмүүсийг харах үедээ эсвэл тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу байдал болон мэдлэггүй байдал нь Түүнийг маш гунигтай болгож, Түүний зүрх сэтгэлийг шархлуулж орхисон, иймээс Тэр эдгээр хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн Өөрийнхөө зүрх сэтгэлд тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, Тэр ялангуяа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй бөгөөд тэд Түүнийг дагаж чадахгүй гэдгийг Тэр мэдэж байсан—энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага маш тодорхой байсаар байсан. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр зүгээр л тэдэнд эелдэгээр хандахыг хүсэж байсан—энэ нь Өөрийн удирдлага доорх бүх бүтээлүүдэд хандах Бурханы хандлага байсан: бүх бүтээлийн хувьд тэдэнд эелдэгээр хандах, тэднийг хангах, тэднийг хооллож тэжээх. Эзэн Есүс бие махбод болсон Бурхан байсан яг тэр шалтгааны улмаас Тэр Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, эдгээр хүмүүст эелдэгээр хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй зүрх сэтгэлээр тэдэнд эелдэг хандаж байсан юм. Эдгээр хүмүүс Эзэн Есүсийг хэрхэн харж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран Тэр бүх бүтээлийн Эзэн болох Өөрийн байр суурин дээр үндэслэн бүх бүтээлүүдэд хандсан. Түүний илчилсэн зүйл нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Иймээс Эзэн Есүс чимээгүйхэн ямар нэг зүйл хийж, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Энэ нь Бурханы өгөөмөр сэтгэл гэж та нар хэлж чадах уу? Бурхан хувиа хичээдэггүй гэж та нар хэлж чадах уу? Энгийн хүн үүнийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон эдгээр таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй зохицох хүмүүс байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж та нар хэлж чадах уу? Тэд Эзэнтэй огтхон ч зохицолтой байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнд хэрхэн хандсан бэ? Тэр хүмүүсийн Бурханд хандах дайсагналыг бууруулах арга ашигласан—энэ аргыг “эелдэг зан” гэж нэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс тэднийг нүгэлтнүүд гэж харсан ч Бурханы нүдээр тэд гэхдээ Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтнүүдэд мөн л эелдэг хандсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханаар бүтээгдсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна.
Чи Бурханы бодол санаа, хүн төрөлхтөнд хандах хандлагыг үнэхээр үнэлж, Бурханы сэтгэл хөдлөл болон бүтээл бүрийг анхаарах байдлыг үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж болон хайрыг ойлгож чадах болно. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэхийн тулд хоёр үгийг ашиглах болно—тэр хоёр үг нь юу вэ? Зарим хүмүүс “хувиа хичээгээгүй” гэж хэлдэг, зарим нь “хүмүүнлэг” гэдэг. Энэ хоёроос “хүмүүнлэг” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг нь хүний өргөн мэдлэгтэй бодол санаа, мэдрэмжийг дүрслэхэд хүмүүсийн хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг ба учир нь энэ нь, ямар ч зарчмыг үл харгалзан ялгаварлахгүйгээр, санамсаргүйгээр буяны ажил хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэхийн тулд энэ үгийг ашиглахад гарцаагүй гутаан доромжилсон санаархал байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий—тэр хоёр үг нь юу вэ? Эхнийх нь “энгүй” гэсэн үг юм. Энэ үг нь маш их дурсамж төрүүлдэг биш гэж үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг хоёр үгний цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ эсвэл багтаамжийг илэрхийлэх боловч тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй—энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл энэ нь оршин байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд энэ нь хүмүүст харьцангуй нарийн зөв, бодитой мэдрэмжийг өгдөг. Чи үүнийг хавтгай эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа эсэх нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас чи үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үгийг ашиглах нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоо томшгүй гэсэн мэдрэмжийг энэ нь мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш мөн энэ нь ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж Би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиргаан доор бүх зүйлсийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээлүүд янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл юм. Хэдийгээр хүмүүс үүнийг харж эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр тэдний амьдралд нь бага багаар илчлэгдэнгээ бүх зүйлд тэжээл болон амийг авчирдаг ба тэдгээр нь хором мөч бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлсийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтний төлөөх Бурханы хайрын гүнийг эсвэл хэмжээг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болоод үүний оршин тогтнолын үнэнийг үнэлж, ойлгоход хүмүүст туслахын тулд юм. Мөн түүнчлэн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ойлгож чадах ба ингэснээр хүмүүс “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголтыг олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юуг дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис эсвэл орчлон ертөнцөд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам байдал болон уужим гүн байдал нь хүний ойлголтоос давсан бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг зүйл бөгөөд тэд үүнийг шагшин гайхдаг. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц боловч хүрэхийн аргагүй. Далай тэнгисийг төсөөлөх үедээ чи үүний өргөн уудмын талаар боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг ашигласан юм. Энэ нь хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдэрч, Түүний хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Бурханы хайрын хүч нь хязгааргүй бөгөөд өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслахын тулд билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун байдлыг болон Түүний хайраар дамжин илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд туслах явдал юм. Одоо та нар “уудам” гэдэг нь Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр нь “энгүй”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Мэдээж! Хүний хэлээр энэ хоёр үг нь Бурханы хайрыг дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй дөхөм юм. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг ашиглах байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон үнэлэлт нь хавтгай өнцөгт хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлбэл хэлэх үг олдохгүй байгааг та нар мэдэрнэ; та нар бүр хэлэх ч үггүй байх болно. Өнөөдөр Миний ярьсан хоёр үг та нарын хувьд ойлгоход хэцүү байсан байж болох юм эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй ч байж болох юм. Энэ нь та нарын Бурханы хайрын талаарх үнэлэлт болон ойлголт өнгөцхөн, явцуу хүрээнд байгаа гэдгийг л харуулж байна. Бурхан хувиа хичээдэггүй гэж Би өмнө нь хэлсэн—та нар хувиа хичээдэггүй гэдэг үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн хувиа хичээдэггүй хэмээн дүрсэлж болно гэж хэлж болох уу? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйлийг олж авахын тулд энэ талаар илүү их эргэцүүлж бодох ёстой.
Дээрх зүйлс нь эхний гайхамшгаас Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Хэдийгээр энэ нь хүмүүсийн хэд хэдэн мянган жилийн турш уншсан түүх бөгөөд үүнд энгийн утга санаа оршиж, энгийн үзэгдлийг харах боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү энгийн утга санаанаас бид илүү үнэ цэнэтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хардаг. Түүнд юу байгаа болон Тэр юу болох эдгээр зүйлс нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд энэ нь Бурханы бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийн бодлыг илэрхийлэх үед энэ нь Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойн илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг ба Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, Түүний хүслийг хангалуун байлгахын тулд идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэдэгт Тэр итгэж найддаг. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.
Дараа нь энэ ишлэлийг авч үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.
Энэ ишлэлийг уншсны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь эхнийхээс хамаагүй илүү агуу байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцаан амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байсан. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний ялихгүй талыг л харж байсан. Хэдий зарим хүмүүс Түүний зан авирын заримыг эсвэл Түүнд байгаа мэт харагдаж байсан хүч чадлыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар үнэхээр хэн байсныг болон Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүмүүс энэ зүйлийн баталгааг хүссэн ба үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг батлахын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд ингэх нь шал дэмий зүйл байсан—энэ нь маш амархан зүйл байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг батлах зүйлийг хаана ч, хэдийд ч хийж чадах байсан, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхмуудтайгаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байв. Энэ нь Түүний эрх мэдэл болон Түүний ялгамж чанарыг баталдаг. Иймээс Лазарын амилал нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг баталж чадсан уу? Бичээсийг харцгаая: “Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, ‘Лазар, гараад ир!’ гэсэнд, …тэр үхсэн хүн гарч ирэв.” Эзэн Есүс үүнийг хийх үедээ Тэр ганцхан зүйлийг л хэлсэн: “Лазар, гараад ир.” Лазар тэгэхэд булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан үгийн улмаас л биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба Тэр өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү эсвэл тушаал гэх үү? Эсвэл энэ нь ямар нэг төрлийн ид шид байсан уу? Өнгөцхөн байдлаараа үүнийг гайхамшиг гэж нэрлэж болох юм шиг санагдах ба хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээж үүнийг гайхамшиг гэж нэрлэж болно. Гэсэн хэдий ч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудах шившлэг гэж хэлж мэдээж болохгүй бөгөөд энэ нь маргаангүй хар ид шид биш. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, хамгийн наад захын баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь явуулж, Үхэгсдийн орон руу эсвэл үүний очих ёстой газар луу нь аваачих эрх мэдэл байдаг. Хэн нэгэн үхэх үед, үхсэнийхээ дараа хаа очих вэ гэдэг нь Бурханаар тодорхойлогддог. Тэр үүнийг хэзээ ч хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай эсвэл газар нутгаар хязгаарлагдахгүй. Хэрвээ Тэр үүнийг хийхийг хүсвэл Тэр хийж чадна, учир нь бүх зүйлс, бүх амьд амьтад Түүний захиралт дор байдаг ба бүх зүйлс Түүний үгээр, Түүний эрх мэдлээр амьдарч, үхдэг. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч мөн Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол зөвхөн Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.
Лазарыг үхлээс буцаан авчрах гэх мэт зүйлийг Эзэн Есүс хийх үед Түүний зорилго нь хүн болон Сатанд харж болох баталгаа өгөх явдал бөгөөд хүн төрөлхтний бүх зүйл, хүн төрөлхтний амьдрал, үхэл нь Бурханаар тодорхойлогддог ба хэдий Тэр бие махбодтой болсон ч гэсэн Тэр урьдын адилаар харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсэн ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд харуулах явдал байсан. Энэ нь, хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүс болон Сатанд харуулахын төлөө байсан. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчлэн батлан үзүүлсэн хэрэг байсан ба энэ нь мөн Бурханы хувьд, хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байгаа гэсэн үгийг бүх зүйлд илгээх арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм төрлийн арга зам нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь, хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Тэр Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Бүтээгчийн хувьд энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох үггүй арга байв. Энэ нь, Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг бодитой үйлдлээр дамжуулан хүн төрөлхтөнд хэлэх Түүний арга зам байлаа. Түүний хүн төрөлхтөнд зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазарын амилал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагчид нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд зөвхөн Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт болон үзэгдлийг бат суулгасан. Хэдийгээр Бурханд ийм эрх мэдэл байдаг ба хэдийгээр Тэр Лазарын амилалтаар дамжуулан хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирах Өөрийн захиралтын талаар мэдэгдсэн боловч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан утга учиргүй зүйл хэзээ ч хийдэггүй. Түүний хийдэг бүх зүйл агуу утга учиртай; энэ нь бүгд сонгодог эрдэнэс юм. Тэр Өөрийн ажлын үндсэн эсвэл цорын ганц зорилго буюу хэсэг болгон хүнийг булшнаас нь огтхон ч гаргахгүй юм. Бурхан утга учиргүй ямар ч зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилалт нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай баталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтан хийгээгүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийн зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь Бурхан ноцтой ажлыг хайхардаг хэмээх юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, Тэр юуг гүйцэтгэхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллах болно. Хэрвээ ялзруулагдсан хүнд ийм чадвар байсан бол, тэр өөрийн хэчнээн аймаар болохыг бусад хүмүүст мэдэгдэхийн тулд ердөө өөрийн чадварыг илчлэх арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг сүйтгэх байсан. Энэ бол Сатанаас гардаг хорон муу юм—үүнийг ялзрал гэж нэрлэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба Түүнд тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго нь бусдын анхаарлыг татах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библиэс ийм төрлийн тун цөөхөн жишээг хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Зүгээр л Бурхан үүнийг хийхийг хүсээгүй юм, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, энэ нь хүмүүсийг буцаан амьдруулах явдал байгаагүй, харин энэ нь хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг зүйлс нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө жаахан хэсэг нь л байсан. Бүр цаашлаад, “бусдын анхаарлыг татах” нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж хэлж болох ба иймээс илүү олон гайхамшиг үзүүлэхгүй байх нь санаатайгаар биеэ барьж байгаа биш, мөн энэ нь орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд мэдээж ур чадвар дутмаг байсан ч биш юм.
Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй—эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм. Энэ сэдэв ингээд дууслаа. Дараа нь Библийг уншицгаая.
“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос
No comments:
Post a Comment