Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг цохихгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Хамгийн ихдээ л энэ нь түр зуурын лавлах бичиг мэтээр ашиглагдаж болох ч энэ нь үндсэндээ тун бага хэрэглээтэй ба үнэ цэнэтэй. Гэсэн ч шашны хүмүүс үүнийг ихэд эрхэмлэсээр байгаа. Тэд Библийг мэдэхгүй; тэд зөвхөн Библийг хэрхэн тайлбарлахыг л мэддэг бөгөөд үүний эх сурвалжийн талаар үнэндээ мэддэггүй. Библид хандах тэдний хандлага ийм байдаг: Библи дэх бүх зүйл зөв, үүнд ямар ч алдаа мадаг байхгүй. Ингэснийхээ дараа тэд үүнийг судалж эхэлдэг. Библи бол зөв бөгөөд алдаагүй гэж тэд эхлээд тодорхойлсон учраас тэд үүнийг асар их сонирхолтойгоор судалж, шинжилдэг. Өнөөдрийн ажлын үе шат нь Библид зөгнөгдөөгүй. Бүх газруудын дундаас хамгийн харанхуйд нь явагдах байлдан дагуулах ажлын талаар хэзээ ч дурдагдаагүй, учир нь энэ нь хамгийн сүүлийн ажил билээ. Ажлын эрин үе өөр учраас Есүс Өөрөө хүртэл ажлын энэ үе шат нь эцсийн өдрүүдэд явагдах болно гэдгийг мэдэхгүй байсан, иймээс ажлын энэ үе шатыг эцсийн өдрүүдийн хүмүүс хэрхэн судалж шинжлэн олж мэдэж чадах вэ?
Библийг тайлбарладаг ихэнх хүмүүс логик дүгнэлтийг хэрэглэдэг ба ямар ч бодит үндэслэл байдаггүй. Олон зүйлд дүгнэлт хийхийн тулд тэд гагцхүү логик ашигладаг. Жилээс жилд хэн ч Библийг задлан шинжилж зүрхлээгүй эсвэл Библид “үгүй” гэж хэлж чадаагүй, учир нь энэ ном бол ариун ном бөгөөд бүх хүмүүс үүнийг Бурхан шиг шүтдэг. Энэ нь хэдэн мянган жилийн туршид үргэлжилсэн. Бурхан ямар ч анхаарал хандуулаагүй бөгөөд Библийн дотоод түүхийг хэн ч нээж илрүүлээгүй. Библийг эрхэмлэх нь шүтээн шүтэх явдал юм гэж бид хэлдэг, гэсэн ч тэдгээр үнэнч итгэгчдийн хэн ч үүнийг ингэж харж зүрхлээгүй бөгөөд тэд чамд: “Ах минь! Тэгж бүү хэл, тэр чинь аймшигтай! Бурханыг доромжилж чи яаж чадаж байна вэ?” гэж хэлэх болно. Дараа нь тэд зовсон дүр харуулж: “Өө өршөөлт Есүс, авралын Эзэн минь, түүний нүглийг уучлахыг би Танаас гуйя, учир нь Та бол хүнийг хайрладаг Эзэн билээ, бид бүгд нүгэлтэй, бидэнд агуу өршөөл нигүүлслийг харуулаач, амен” гэх болно. Тэд хичнээн сүсэгтэй болохыг чи харна; үнэнийг хүлээн зөвшөөрөх нь тэдний хувьд яаж амархан байж чадах юм бэ? Чиний хэлсэн үг тэднийг цочтол айлгах болно. Библийг хүний санаа бодол, хүний үзлээр гутааж болно гэж хэн ч бодож зүрхлэхгүй ба хэн ч энэ өө сэвийг харж чадахгүй. Библид байгаа зүйлсийн зарим нь хүний дадлага туршлага болон мэдлэг, үүний зарим нь Ариун Сүнсний гэгээрэл бөгөөд түүнчлэн хүний оюун ухаан болон бодлын хольц ч бас бий. Бурхан эдгээр зүйлсэд хэзээ ч хөндлөнгөөс оролцоогүй боловч үүнд хязгаар байдаг: Тэдгээр нь энгийн хүний бодол санаанаас хэтэрч чадахгүй, хэрвээ хэтэрвэл тэдгээр нь Бурханы ажилд хөндлөнгөөс оролцож, саад болно. Энгийн хүний бодол санаанаас давсан зүйлс нь Сатаны ажил юм, учир нь энэ нь хүмүүсийг үүргээс нь салгадаг, энэ бол Сатаны ажил, Сатанаар чиглүүлэгддэг учраас энэ мөчид Ариун Сүнс чамайг ингэж хийхийг зөвшөөрөхгүй. Заримдаа зарим ах эгч нар: “Би ийм, ийм байдлаар ажиллах нь зүгээр үү?” гэж асуудаг. Би тэдний биеийн хэмжээг хараад: “Зүгээр!” гэж хэлдэг. Түүнчлэн “Хэрвээ би ийм ийм байдлаар ажиллавал миний доторх байдал хэвийн үү?” гэж хэлдэг зарим хүмүүс бас байдаг. Тэгээд Би: “Тиймээ! Энэ нь хэвийн, тун хэвийн!” гэж хэлдэг. Бусад нь: “Миний хувьд ийм байдлаар ажиллах нь зүгээр үү?” гэж асуудаг. Би тэдэнд: “Үгүй!” гэдэг. Тэд: “Энэ нь түүний хувьд зүгээр мөртлөө яагаад миний хувьд тийм биш гэж?” гэж хэлдэг. Тэгэхэд Би: “Чиний хийж байгаа зүйл Сатанаас ирдэг учраас энэ нь саад болдог ба чиний сэдлийн эх үүсвэр буруу байна” гэдэг. Ажил хангалттай явагдаагүй, ах эгч нар мэдэхгүй цаг үе байсан. Зарим хүмүүс Надаас тийм байдлаар ажиллах нь зүгээр үү гэж асуудаг бөгөөд тэдний үйлдэл нь ирээдүйн ажилд саад болохгүй гэдгийг Би харах үедээ: “Энэ нь зүгээрээ” гэж хэлдэг. Ариун Сүнсний ажил нь хүмүүст хэр хэмжээг өгдөг; хүмүүс Ариун Сүнсний хүслийг яг таг дагах хэрэггүй, учир нь хүмүүс энгийн бодол санаа, сул талыг эзэмшдэг бөгөөд тэдэнд махан биеийн зарим нэг хэрэгцээ байдаг, тэдэнд бодитой асуудлууд байдаг ба үндсэндээ өөрсдөө хянах ямар ч аргагүй бодол санаанууд тэдний уураг тархинд байдаг. Миний хүмүүсээс хүсдэг бүхэнд хязгаар бий. Зарим хүмүүс Миний үгийг хоёрдмол утгатай ба Би тэдэнд аль нэг байдлаар нь хий хэмээн хэлж байна гэж итгэдэг, гэхдээ энэ нь, Миний шаардлагад тохирсон хэр хэмжээ байдаг гэдгийг чи ойлгодоггүйгээс болдог. Хэрвээ энэ нь чиний төсөөлдөг шиг байсан бол, хэрвээ Би бүх хүнийг ялгахгүйгээр ижил шаардлага тавьж, тэднийг бүгдийг нь адилхан биеийн хэмжээнд хүрэхийг шаардсан бол энэ нь бүтэхгүй. Энэ нь боломжгүй зүйлийг гуйж байгаа хэрэг болох ба энэ нь хүний ажлын зарчим бөгөөд Бурханы ажлын зарчим биш,. Бурханы ажил нь хүмүүсийн бодит нөхцөл байдлын дагуу хэрэгждэг бөгөөд тэдний төрөлхийн хэв чанар дээр үндэслэдэг. Энэ нь мөн сайн мэдээг түгээх зарчим юм: Чи үнэнийг хэн нэгэнд ойлгомжтойгоор хэлэх хүртлээ аажмаар үргэлжлүүлж, энэ бүхнийг зөнгөөр нь явуулах хэрэгтэй. Зөвхөн тэр үед л тэд ойлгох болно, зөвхөн тэр үед л тэд Библийг хойш тавьж чадах болно. Хэрвээ Бурхан ажлын энэ үе шатыг хийгээгүй бол тогтсон заншлыг хэн эвдэж чадах юм бэ? Хэн шинэ ажил хийж чадах вэ? Библийн гаднах шинэ замыг хэн олж чадах вэ? Хүмүүсийн уламжлалт үзэл болон феодалын ёс зүй нь маш цадигаа алдсан учраас тэд өөрсдөө эдгээр зүйлсийг хаях чадваргүй, мөн ингэж хийх эр зориг ч тэдэнд байхгүй. Өнөөдрийн хүмүүс тэдний зүрх сэтгэлийг эзэмдсэн үгс буюу Библи дэх хэдхэн үхмэл үгэнд хэрхэн баригдсаныг юун хэлэх вэ. Тэд Библийг хаяхад хэрхэн дуртай байж чадах юм бэ? Библийн гаднах замыг тэд хэрхэн амархан хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Чи Библийн дотоод түүх болон Ариун Сүнсний ажлын зарчмуудыг тодорхой ярихгүй л бол болохгүй, ингэснээр бүх хүмүүс бүрэн итгэх ба энэ нь хамгийн чухал юм. Энэ нь, шашин доторх хүн бүхэн Библийг хүндэлж, үүнийг Бурхан шиг шүтдэг, мөн тэд Бурханыг Библиэр хязгаарлахаар оролддог бөгөөд тэд Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолсноор өөрсдийн зорилгодоо хүрдгээс болдог юм.
No comments:
Post a Comment