2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6-10).
“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).
“Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв” (Илчлэл19:9).
Холбогдолтой Бурханы үг:
“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс
Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!
…………
Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.
…………
Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс
Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй.
…………
Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. …
…………
Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …