1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм
Холбогдолтой Бурханы үг:
Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж, хүн төрөлхтний эртнээс эзэмшиж ирсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаа байгааг хэн ч ухан ойлгож чаддаггүй, тэр ч бүү хэл Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг хэн ч мэдэрч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс ч илүүтэйгээр Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтний оршин тогтнолыг захирахад ямар дүрэм зохистойг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, мөн хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажил, Өөрийн төлөвлөгөөнийхөө төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас
Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьд буй хүмүүс нь нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийнхөө хувь заяаг үнэхээр хянадаг уу? … Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт мөнхийн мөнхөд орших Нэгэн бүхнийг захирч байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн, гэвч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн билээ. Түүнчлэн хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд цор ганц түшиж найдах Нэгэн билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнцийн доорх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи, хяруу, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрэл өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс чинь үл шалтгаалан чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үүрд мөнх бүх зүйлийг захирдаг гэдэгт эргэлзэх юмгүй билээ. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөх, ойлгох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг нэг их удалгүй өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч, нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үе нь ч мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж, буцдаг. Энэ нь ялгаагүй бүгд Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Тэр хүн төрөлхтөнд Өөрийн оршин байгааг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд эргэн очуулна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хууль, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг хуулийг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хууль, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, хуулиуд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх далд энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хуулийн дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Тэдгээр нь аяндаа тохиолдож байгаа биш, харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.
Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас
Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газар зүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газар зүйн тогтцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. … Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газар зүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газар зүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газар зүйн тогтцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. …
…………
… газар зүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл зүйлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр бас хууль тогтоосон. Газар зүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газар зүйн орчны оршин тогтнолоос болж өөр өөр төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавжнууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. … Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл амьсгалж чаддагаас үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьд орших хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирддаг. Энэ нь хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангахын төлөө юм. Бүх зүйлийн дунд орших амьтан бүр нь өөрсдийн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцан үйлчилдэг ба хүн төрөлхтөн болон бүх зүйл харилцан хамааралтай оршдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ix”-өөс
Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Нөхцөл байдал чинь ямар ч бай, урд чинь ямар ч аян хүлээж байгаа бай, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон хөдөлгөөнийх нь замуудыг чиглүүлж ирсэн билээ. Бусад бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.
Шөнийн харанхуй чимээгүй ирэхэд хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг, хаанаас ирдгийг ч хүний зүрх сэтгэл ухаарч чаддаггүй. Шөнө чимээгүйхэн өнгөрөхөд хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирж, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэггүй, бас бүр ч мэдэрдэггүй. Өдөр, шөнийн ээлжлэн солигдолт хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар үе бүр дэх Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас
Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүс буюу өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан дөрөвдүгээр бүлэг”-ээс
Хүн төрөлхтөн болон бүх зүйлийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; оршин амьдрах дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; бүх зүйлийн хувь заяанаас Бүтээгчийн дээд эрхээ хэрэгжүүлдэг, тэднийг хянадаг арга замын талаар дүгнэлт хийдэг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх хүч нөлөө болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүнийг авч үзвэл, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас
БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ
Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христийн шашинтан болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм, учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурхантай нүүр тулахаас бидний сүнс ичих юм.
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийг зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салгашгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын явцыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн зөвхөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.
Ноагийн бүхээгийн цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс гажсан, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанартаа садар самуун болж, өөрсдийгөө үзэшгүй бузар байдалд хаясан юм. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахгүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлд өртсөн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийд сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.
Тэгвэл өнөө үеийг хар л даа: Бурханыг шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд мөн л өршөөнгүй байж, энэхүү төгсгөлийн эрин үеийн хүн төрөлхтнийг уучилсан. Өөрийнх нь илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чадах, Түүний даалгаврыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулдаг хүмүүсийг Тэр хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр хайдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг хүчний саадгүйгээр биеэ зориулж байгаа бол Бурхан чамайг ивээн үзэх ба чамд Өөрийнхөө ерөөлийг хайрлана. Хэрвээ чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийсэн бүхэн дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйлс байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж магадгүй, гэхдээ ажил үүрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран чи үргэлж бүтэлгүйтэж, Бурханы ерөөлөөс хагацна, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний ажлыг зөв шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний ашиг тусын төлөө ажиллаж байна гэж үздэггүй. Чиний хийдэг бүхэн бол хүнийг Бурханы хамгаалалтгүй болгож, Бурханы ерөөлийг үгүйсгэхэд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглах явдал юм гэж Тэр хэлнэ. Чи хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн хүн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр хэлнэ.
Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж, Бурхан шүтэх таатай нөхцөл үлдсэнгүй. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид нь Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрчсөн нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо ихэд буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын тухай тэмдэглэл, Түүний үгсийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг зарчмыг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрал ба үхэл, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уухыг, таашаал хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг... Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхаар өөрсдөө шийддэг цөөхөн хүн байдаг. Ийм маягаар хүнийг мэдээгүй байхад хүний соёл иргэншил хүний хүсэлд нийцэх нь улам бүр багасаж, ийм ертөнцөд амьдрах нь талийгчдаас ч аз жаргалгүй байх шиг санах хүн бүр олон байна. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь Бурханы удирдамжгүйгээр хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалахын тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосролоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний шинжлэн судлах хүслэн, хорхойслыг барьж чадахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас хүний утга учиргүй золиослол, судалгаа шинжилгээ нь илүү их гай зовлон руу л хөтөлнө. Хүмүүс байнгын айдастай байдалд оршиж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, ирээдүйн замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, мөн өөрийнхөө доторх хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг. Энэ ертөнцөд, эрх чөлөөтэй оронд, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслэнгээс зугтаж огтхон ч чадахгүй. Чи хоосон байдлын балмагдуулсан мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэдэг, гэвч ийм асуудлыг шийдэхээр гарч ирж чадах агуу хүн одоохондоо алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөн, хүн бүр тарган цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгмийг төдийгүй Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалтыг шаарддаг. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүслэн, санаа сэтгэлийн хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн сүйрлийн замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгуулна.
Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй боловч чи өөрийн ард түмнийг Бурханаас төөрч холдохыг нь зөвшөөрвөл, улс чинь Бурханы ерөөлөөс улам л хагацана. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрэлд орно. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэд нь Бурханд ойр байж, шүтэн мөргөдөг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгодог орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээрийг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Хэдийгээр ийм байсан ч илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүний бодолд Бурхан үгүй болоод дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий боловч хүний зүрх сэтгэлд Бурхан орон зай эзэлдэггүй ноёрхол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, дайралтад эмзэг болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүй байхтай адил. Улс гүрний удирдагчид хүмүүсийнхээ төлөө хэчнээн их чармайснаас үл хамааран, хэчнээн олон зөв шударга хурал хийсэн ч хамаагүй, аль аль нь юуг ч эргүүлж, эсвэл хүний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь сайн хооллож, сайхан хувцасладаг, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.
Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүст доройтол, мөхөл авчирна.
Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг Библид өгүүлснийг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олон нь алагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэлд өртсөн. Тэд Бурханыг загалмайд цовдолж, хиртхийм нүгэл үйлдсэн, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.
Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчдын асар том цугларал болсон газар: Хятад буюу бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгин хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн зөвшөөрсөн, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстний хүмүүсийг, улс орон, тэр ч байтугай төрөл бүрийн салбарын хүмүүсийг Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтнийг Бурханы ерөөл дор яг л Еховагийн амлалтад Абрахамын үр удам амьдарсан шиг, бас Едений цэцэрлэгт Адам, Ева хоёр амьдарсан шиг амьдраасай гэж ятгаж байна.
Бурханы ажил бол сүрлэгээр долгилох давлагаатай ижил. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс сүйрлийн гамшигт өртөж, тохирох шийтгэлээ хүртэнэ.
Үг нь махбодоор илэрсэн номоос
No comments:
Post a Comment