02/02/2018

Төгс Xүчит Бурханы үг | Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Төгс Xүчит Бурханы үг | Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
           Хүнд зөвхөн итгэлийн тодорхой бус үг оршдог ч гэсэн түүнд яагаад итгэл байдгийг бүү хэл, итгэлийг юу бүрдүүлдгийг ч хүн мэддэггүй. Хүн маш багыг ойлгодог, мөн хүн өөрөө хэтэрхий дутуу дулимаг байдаг; тэр утга учиргүйгээр, юу ч мэдэлгүйгээр ердөө л Надад итгэдэг.Тэр итгэл үнэмшил гэж юу болох мөн яагаад Надад итгэдгээ мэддэггүй хэдий ч үргэлжлүүлэн итгэсээр байдаг. Миний хүнээс хүсдэг зүйл бол Намайг хаа хамаагүй ийм байдлаар дуудах, эсвэл замбараагүй байдлаар итгэх биш юм. Учир нь, Миний хийдэг ажил бол хүн Намайг харж мөн Намайг мэдэж авахын төлөө бөгөөд Миний ажлаас болоод хүний сэтгэл хөдөлж, Намайг шал өөр нүдээр харахын төлөө биш. Би өмнө нь маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, олон хүчит үйлсийг гүйцэтгэсэн. Израильчууд тэр үед асар их бахдал бишрэлийг Надад үзүүлсэн бөгөөд өвчтэйг анагааж, чөтгөрийг хөөх хосгүй чадваруудыг минь ихэд хүндэлсэн. Тэр үед Иудейчүүд Миний анагаах хүч чадлыг чадварлаг агаад ер бусын гэж бодсон. Миний ийм олон үйл хэргээс болж тэд бүгд Намайг хүндэтгэн үзсэн; тэд Миний бүх хүч чадлыг ихэд бахдан биширсэн. Тиймээс Намайг хүчит үйлс бүтээхийг харсан хэн боловч Намайг ойрхон дагасан, тийнхүү өвчтөнийг эдгээхийг минь харахаар мянга мянган хүн Намайг хүрээлсэн. Би маш олон тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн, гэвч хүн Намайг ердөө л чадварлаг эмч мэтээр үзсэн; энэ үед Би бас сургаалын олон үгийг тэр хүмүүст хэлсэн боловч тэд Намайг ердөө л шавь нараасаа илүү багш мэтээр үзсэн! Өнөөдөр ч гэсэн хүмүүс Миний ажлын түүхэн тэмдэглэлүүдийг харсныхаа дараа Намайг өвчтөнийг анагаадаг агуу эмч, боловсрол мэдлэггүй хүмүүсийн багш мэтээр тайлбарласаар байгаа. Тэгээд тэд нар Намайг өршөөлт Эзэн Есүс Христ хэмээн тодорхойлсон. Судрыг тайлбарладаг хүмүүс Миний анагаах чадварыг давсан эсвэл бүр багшаасаа илүү мэдлэгтэй шавь нар байж болох юм, гэвч нэр алдар нь дэлхий даяар цуурайтсан, асар алдартай ийм хүмүүс Намайг ердөө л нэг эмч төдийхнөөр авч үздэг! Миний үйл хэрэг далайн эргийн элсэн ширхэгээс ч олон бөгөөд Миний мэргэн ухаан Соломоны бүх хүүхдүүдийнхээс ч илүү, гэвч хүмүүс Намайг чухал бус эмч, мөн хэний ч үл мэдэх багш гэж л боддог! Зөвхөн өөрсдийгөө эмчлүүлэхийн тулд хэчнээн хүн Надад итгэдэг вэ? Зөвхөн өөрсдийнхөө биеэс бузар сүнснүүдийг гаргуулахад Миний хүчийг ашиглахаар хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас амар тайван байдал болоод баяр хөөрийг авахын төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд хэр олон хүн Надад итгэдэг вэ? Мөн зөвхөн энэ амьдралаа аюулгүй өнгөрөөж, ирэх насандаа эрүүл, саруул байхын тулд Надад хэр олон хүн итгэдэг вэ? Зөвхөн тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд хэр олон хүн Надад итгэдэг вэ? Айсуй ертөнцөд ямар нэгэн зүйлийг олж авахыг эрэлхийлэлгүй, зөвхөн түр зуурын тав тухын төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Би Өөрийн уур хилэнг хүн дээр авчирч, анхнаасаа түүнд байсан бүхий л баяр баясал, амар тайван байдлыг булаан авахад хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлонг өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авахад хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн Надаас өөрийг нь эмчлэхийг гуйсан ч Би түүнийг хүлээн зөвшөөрөлгүй, түүнд дургүйцэх үед хүн Надаас холдож шулмын эмч болон ид шидийн замыг эрж хайсан. Надаас шаардсан бүхнийг нь хүнээс авах үед бүгд ул мөргүй алга болсон. Тиймээс, Би хүнд хэтэрхий их нигүүлслийг өгсөн бөгөөд олж авах зүйл хэтэрхий олон байгаа учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг. Иудейчүүд Миний нигүүлслээс болж Надад итгэсэн ба явсан газар бүрд минь тэд Намайг дагасан. Хязгаарлагдмал мэдлэг болон туршлагатай энэ хүмүүс Миний үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудыг олж харахыг л эрмэлзсэн. Тэд Намайг хамгийн агуу хүчит үйлс бүтээж чаддаг Иудейчүүдийн гэрийн тэргүүн мэт авч үзсэн. Тиймээс хүмүүсээс чөтгөрийг хөөн зайлуулах үед тэд Намайг Елиа, Мосе, мөн бүх эш үзүүлэгчдээс хамгийн эртнийх нь, бүх эмч нараас хамгийн сайн нь хэмээн хэлж, өөр хоорондоо үймэлдэн ярилцсан юм. Би Өөрийн зүгээс Би бол амь, зам, үнэн гэж хэлэхээс өөрөөр хэн ч Миний оршихуй эсвэл ялгамж чанарыг мэдэхгүй. Тэнгэр бол Миний Эцгийн амьдардаг газар гэж Би хэлэхээс өөрөөр Би бол Бурханы Хүү бөгөөд Бурхан Өөрөө гэдгийг хэн ч мэдээгүй. Би бүхий л хүн төрөлхтөнд золин авралыг авчирч, хүн төрөлхтнийг гэтэлгэнэ гэж хэлэхгүй л бол, Би хүн төрөлхтний Золин аврагч гэдгийг хэн ч мэдээгүй; хүмүүс Намайг өрөвчхөн агаад энэрэнгүй хүн гэж л мэддэг. Би Өөрийнхөө талаар бүхнийг тайлбарлаж чадахаас өөрөөр, хэн ч Намайг мэдээгүй, мөн Би бол амьд Бурханы Хүү гэдэгт хэн ч итгээгүй. Хүн зөвхөн ийм байдлаар л Надад итгэдэг ба ийм маягаар Намайг хуурдаг. Хүн Миний талаар ийм үзэл бодолтой байх үедээ Намайг яаж гэрчилж чадах билээ?



         Хүн Надад итгэдэг боловч Надад гэрчлэл хийж чаддаггүй ба Би Өөрийгөө таниулахаас өмнө хүн Намайг гэрчилж чадахгүй. Би бүтээлүүд болон бүх ариун хүнээс хол илүү гэдгийг л хүн хардаг бөгөөд Миний хийдэг ажлыг хүн хийж чадахгүй гэдгийг хардаг. Тиймээс Иудейчүүдээс эхлээд одоо үеийн хүмүүсийг хүртэл Миний алдарт үйл хэргийг харсан хэн боловч Намайг гэсэн сониуч зангаар дүүрдэг, гэвч ганц ч бүтээлийн ам Надад гэрчлэл хийж чадахгүй. Зөвхөн Миний Эцэг л Надад гэрчлэл хийсэн; Тэрээр Надад зориулан бүхий л бүтээлүүдийн дунд зам гаргаж өгсөн. Эс бөгөөс, Би хэрхэн ажиллах нь хамаагүй, Намайг бүтээлийн Эзэн гэдгийг хүн хэзээ ч мэдэж чадахгүй байх байв, учир нь хүн зөвхөн авахыг л мэддэг ба Миний ажлаас болж Надад итгэдэггүй. Би гэм зэмгүй бөгөөд аль ч талаараа нүгэлтэн биш учраас, Би олон тооны нууцуудыг тайлбарлаж чаддаг учраас, Би олон түмний дээр байдаг учраас эсвэл Надаас ихээхэн ашиг тус хүртсэн учраас л хүн Намайг мэддэг. Гэвч Намайг бүтээлийн Эзэн гэдэгт итгэдэг хүмүүс цөөхөн байдаг. Ийм учраас хүн яагаад Надад итгэдгээ мэддэггүй гэж Би хэлдэг; тэр Надад итгэхийн зорилго эсвэл ач холбогдлыг мэддэггүй. Хүний бодит байдал бол дутуу дулимаг, тийм болохоороо тэр Надад гэрчлэл хийхэд бараг тохирохгүй. Та нарт жинхэнэ итгэл маш бага байдаг бөгөөд хэтэрхий багыг олж авсан, иймээс та нарт маш бага гэрчлэл байдаг. Түүнчлэн та нар хэтэрхий багыг ойлгодог, та нарт хэтэрхий их зүйл дутагддаг, ийм болохоор та нар Миний үйл хэргийг гэрчлэхэд бараг таарахгүй. Та нарын шийдэмгий байдал нь үнэндээ үлэмж их, гэвч та нар Бурханы мөн чанарыг амжилттай гэрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Та нарын туулж мэдэрсэн, үзэж харсан зүйл урьдны эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийнхээс давсан боловч та нар урьдны эдгээр эш үзүүлэгч болон ариун хүний үгнээс илүү гэрчлэл хийж чадах уу? Та нарт Миний хайрласан зүйл одоо Мосег давсан ба Давидаас илүү, тийм болохоор та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, та нарын үг Давидынхаас илүү байгаасай гэж Би хүсэж байна. Би та нарт зуу дахин илүүг өгдөг, тийм болохоор та нар Надад адилхан эргүүлэн төлөөсэй гэж Би хүсэж байна. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой, мөн та нар Надаас амь авсан бөгөөд Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, үүнийг Би та нарт илгээсэн бөгөөд Миний төлөө та нарын хийх ёстой зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрласан ба сонгогдсон ард түмэн болох Израильчуудын хэзээ ч аваагүй амийг та нарт хайрласан. Та нар Намайг гэрчилж, өөрсдийн залуу насыг Надад зориулж, амиа өгөх ёстой. Би Өөрийнхөө алдрыг хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх болно. Энэ нь хэдийнээ урьдчилан тогтоогдчихсон. Би та нарт Өөрийнхөө алдрыг хайрладаг нь та нарын зол заяа бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Хэрвээ та нар зөвхөн зол завшаан олж авахын тулд Надад итгэдэг бол Миний ажил тийм ч их ач холбогдолтой байхгүй байх байсан бөгөөд та нар өөрсдийн үүргийг биелүүлээгүй байх байсан юм. Израильчууд Миний өршөөл, хайр, агуу байдлыг л харсан ба Иудейчүүд Миний тэвчээр, золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлын тун багахныг харсан; тийм болохоор тэдний ойлголтын түвшин та нарын харсан сонссоны ердөө л арван мянганы нэг байсан байх. Та нарын харсан зүйлс тэдний дундах ахлах тахилчдынхаас ч илүү гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр харсан зүйл Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед харсан зүйлээс ч илүү байдаг бөгөөд та нарын үзэж туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь Израильчуудын ойлгосон зүйл бол зөвхөн Еховагийн хууль байсан, тэдний харсан зүйл зөвхөн Еховагийн нуруу байсан юм; Иудейчүүдийн ойлгосон зүйл нь зөвхөн Есүсийн золин аврал байсан, тэдний хүлээж авсан зүйл бол зөвхөн Есүсийн хайрласан нигүүлсэл байсан, мөн тэдний харсан зүйл нь Иудейчүүдийн гэрт байсан Есүсийн дүр төрх байлаа. Та нарын өнөөдөр хардаг зүйл бол Еховагийн алдар, Есүсийн золин аврал мөн Миний өнөөдрийн бүх үйл хэрэг билээ. Та нар бас Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт Өөрийн удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл бол ердөө л элэгсэг, өршөөнгүй Бурхан биш, харин зөвт байдлаар дүүрэн Нэгэн билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харсан, мөн Намайг ширүүн уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг ч мэдсэн. Түүнээс гадна, та нар Намайг Израилийн гэрт Өөрийн дүрэлзсэн хилэнг буулгасан гэдгийг мэдсэн ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам байдал болон хүндтэй байдлыг мэддэг. Та нарын хүлээн авсан зүйл бол зөвхөн Миний үнэн, зам, амь биш, харин Иоханыхаас ч илүү агуу үзэгдэл болоод илчлэл юм. Та нар олон нууцыг ойлгож, Миний үнэн царайг харсан; та нар Миний ихээхэн шүүлтийг хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарын ихээхнийг мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьдных агаад өнгөрснийх юм; та нар бас өнөөдрийн зүйлийг мэдэрсэн бөгөөд эдгээр нь Миний гараар хийгдсэн билээ. Би та нарт ихийг өгч, та нар Надаас ихийг харсан болохоор Миний та нараас хүсэж байгаа зүйл байж боломгүй зүйл биш. Тиймээс, Би та нараас үе үеийн ариун хүмүүсийн адил Намайг гэрчлэхийг хүсэж байна, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

          Миний Эцэг Надад гэрчлэл хийсэн боловч Би илүү агуу алдрыг хүлээн авахыг, бүтээлийн амнаас гарах гэрчлэлийн үгийг хүлээн авахыг зорьдог. Тиймээс Би та нараар үүргийг чинь гүйцэтгүүлж, хүний дунд хийсэн Өөрийн ажилд төгсгөл авчрах зорилготойгоор Өөрт байгаа бүхнээ та нарт өгдөг. Та нар Надад яагаад итгэдгээ ойлгох учиртай. Хэрвээ та нар зүгээр л Миний шавь эсвэл Миний өвчтөн болохын тулд эсвэл тэнгэр дэх Миний ариун хүмүүсийн нэг болохын тулд Намайг дагадаг бол хүчин чармайлт чинь талаар өнгөрөх болно. Ийм байдлаар Намайг дагах нь зүгээр л үр ашиггүй хүчин чармайлт юм; ийм байдлаар Надад итгэвэл та нар ердөө л өдөр хоногоо дэмий өнгөрөөж, залуу насаа үрж байна. Тэгээд эцэст нь та нар юу ч хүлээн авахгүй. Энэ нь хий дэмий хөдөлмөр биш гэж үү? Би Иудейчүүдийн дундаас аль эрт явж одсон ба Би хүний эмч эсвэл хүнд зориулсан эм байхаа больсон. Би хүний хүссэнээр дөрлүүлж, нядлуулах ачлагын амьтан биш; харин ч Би хүнийг шүүн гэсгээхээр, хүнд Өөрийгөө мэдүүлэхээр хүмүүсийн дунд ирсэн юм. Нэгэнтээ Би золин авралын ажлыг хийсэн гэдгийг та нар мэдэх ёстой; нэгэнтээ Би Есүс байсан боловч үүрд Есүс хэвээрээ байж чадахгүй, мөн нэгэнтээ Би Ехова байсан хэдий ч хожим нь Есүс болсон. Би хүн төрөлхтний Бурхан, бүтээлийн Эзэн боловч үүрд Есүс хэвээр байж эсвэл Ехова хэвээр байж чадахгүй. Би хүнийхээр эмч гэж тооцогддог хүн байсан, гэхдээ Бурхан бол ердөө л хүн төрөлхтнийг эмчилдэг эмч гэж хэлж болохгүй. Иймээс хэрвээ та нар Надад итгэхдээ хуучин үзэл бодлыг агуулж байвал та нар юунд ч хүрч чадахгүй. Та нар: "Бурхан хүнд хэчнээн хайртай билээ; Тэр намайг эдгээж, надад ерөөл, амар амгалан, баяр баясгаланг өгдөг. Бурхан хүнд хэчнээн сайн билээ; хэрвээ бид Түүнд итгэх л юм бол бид мөнгө, эд баялагт санаа зовох хэрэггүй..." хэмээн хэлж Намайг энэ өдөр хэчнээн магтах нь хамаагүй Би одоо ч гэсэн Өөрийн анхны ажлыг тасалдуулж чадахгүй. Хэрвээ та нар өнөөдөр Надад итгэвэл та зөвхөн Миний алдрыг хүлээн аваад зогсохгүй Надад гэрчлэл хийхэд тохирох бөгөөд бусад бүх зүйл хоёрдугаарт тавигдана. Үүнийг та нар тодорхой мэдэж байх ёстой.

         Одоо та нар Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэв үү? Та нар Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг үнэхээр мэдэх үү? Та нар өөрсдийнхөө үүргийг үнэхээр мэдэх үү? Та нар Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Хэрвээ та нар Надад зүгээр л итгэдэг ч Миний алдар болоод гэрчлэл та нараас харагддаггүй бол Би та нарыг аль хэдийн хаячихсан. Энэ бүгдийг мэддэг хүмүүсийн тухайд гэвэл, тэд Миний нүд болоод Миний гэр дэх өргөс бөгөөд тэд ердөө л бул хар чулуу юм. Тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэж цэвэрлэгдсэн өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнэгүй үрийн сүүлнүүд; Би аль хэдийн тэднийг жигшсэн юм. Гэрчлэл байхгүй тэр хүмүүсийн тухайд бол Миний уур хилэн мөнхөд тэдний дээр байх ба Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй. Би олон жилийн өмнө ёрын муу нэгний гарт тэднийг шилжүүлэн өгсөн бөгөөд тэдэнд Миний ямар ч ерөөл байхгүй. Тэр өдөр тэдний шийтгэл нь мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх улаан буудайг багцалж бооно. Энэ нь одоо Миний ажил юм. Намайг шигших үед энэ үрийн сүүлнүүд бүгд шигшигдэх болно, дараа нь улаан буудайн үр тариаг агуулахад цуглуулах бөгөөд шигшигдсэн эдгээр үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Миний ажил бол одоо бүх хүнийг багцлан боож, өөрөөр хэлбэл, тэднийг бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно. Иймээс та нар одоо, Намайг яаж сэтгэл хангалуун байлгахыг болон Надад итгэх зөв замд яаж орохыг мэдэх ёстой. Миний хайж байгаа зүйл бол та нарын одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, та нарын одоогийн хайр болон гэрчлэл юм. Энэ мөчид та нар гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэсээ буюу үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Сатаныг ялсан Миний гэрчлэл хүний үнэнч зан, дуулгавартай байдал дотор оршдог бөгөөд хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулсан Миний гэрчлэл ч гэсэн үүнтэй адилхан гэдгийг та нар мэдэх ёстой. Та нарын Надад итгэх итгэлийн үүрэг бол Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх явдал юм. Намайг ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс өмнө та нар Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Та нар Надад яаж үнэнч бөгөөд дуулгавартай байх вэ? Та нар өөрсдийнхөө чиг үүрэгт үнэнч зангаа зориулах уу эсвэл зүгээр л хаяж орхих уу? Оронд нь та нар Миний зохицуулалт бүрд (үхэл эсвэл сүйрэл ч бай) захирагдахыг илүүд үзэх үү эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замынхаа хагаст зугтаж явна уу? Би та нарыг гэсгээдэг болохоор та нар Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байж чадна. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг өрнүүлж, ажил саадгүй урагшлах боломж олгохын төлөө байдаг. Тиймээс Би та нарыг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдолд ямар ч үнэ цэнэгүй элс мэт хандахгүй байхыг уриалж байна. Миний айсуй ажил яг ямар байхыг та нар мэдэх үү? Та нар, ирэх өдрүүдэд Би яаж ажиллахыг болон Миний ажил хэрхэн өрнөхийг мэдэх үү? Та нар Миний ажлын талаарх өөрсдийн туршлагын ач холбогдлыг, цаашлаад Надад итгэхийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Би маш их зүйл хийсэн; та нарын төсөөлдөг шигээр Би яаж замын хагаст больж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж Би үүнийгээ үгүй хийх билээ? Үнэндээ Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ нь үнэн боловч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, юунаас ч илүүтэйгээр хаанчлалын сайн мэдээг түгээх гэж байгааг та нар мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, цаг нь болоход сайн мэдээг түгээн, эрин үед төгсгөл авчрах суурийг тавихад оршиж байгаа гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Миний ажил та бүгдийн боддог шиг маш энгийн биш, эсвэл та нарын итгэдэг шиг ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй зүйл биш. Тиймээс, Би урьдын адил та нарт хэлье: Та нар өөрсдийнхөө амьдралыг Миний ажилд өгөх учиртай бөгөөд өөрсдийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Цаашлаад та нар Надад гэрчлэл хийх нь Миний удаан хүлээсэн зүйл бөгөөд үүнээс ч илүүтэйгээр Би та нараас Миний сайн мэдээг түгээхийг хүссэн юм. Та нар Миний зүрх сэтгэлд юу байгааг ойлгох учиртай.



Анхны өгүүлэл линк:

No comments:

Post a Comment