Сударт “Бурхан, ‘Уснууд амьтай хөдөлдөг амьтдыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.” (Эхлэл 1:20-21) гэж байдаг. Энэ өдөр Бурхан усан дахь амьд биет болон агаар дахь шувуудыг бүтээсэн гэдгийг Судар бидэнд тодорхой өгүүлдэг бөгөөд өөрөөр хэлбэл Тэр олон янзын загас, шувуудыг бүтээж, тэдгээрийг төрөл төрлөөр нь ангилсан. Ийм байдлаар газар, тэнгэр огторгуй болон ус Бурханы бүтээлээр дүүрсэн...
Бурханыг үгээ хэлэнгүүт цоо шинэ амьдрал өөр өөрийн хэлбэртэйгээр тэр даруй Бүтээгчийн үгэн дунд амь орж байв. Тэд түлхэлцэн, үсрэн харайж, баяр хөөртэйгээр наадан тоглож энэ дэлхий дээр ирсэн... Бүх төрлийн хэлбэр, хэмжээтэй загас усанд шумбаж, бүх төрлийн дун элснээс гарч ирж, хайрстай, хясаатай, ясгүй биетүүд том, жижиг, урт богино янз бүрийн хэлбэртэйгээр нэн даруй бий болж байв. Мөн олон төрлийн далайн замаг давхийн ургаж, олон янзын усны амьтдын хөдөлгөөнд долгиолон, давалгаалж, тогтоол ус сэргэж эхэлсэн ба тэдэнд: Хурдал! Найзуудаа авчир! Учир нь чи хэзээ ч дахин ганцаардахгүй! гэж хэлж буй мэт байсан. Бурханы бүтээсэн олон янзын амьд биетүүд усанд илрэн гарсан цагаас эхлээд бүхий л шинэ амьдрал нь маш урт хугацааны туршид хөдөлгөөнгүй байсан усанд эрч хүчийг авчирч, шинэ эрин үеийг урин залсан юм... Тэр мөчөөс эхлээд тэд бие биедээ эрхлэн наадаж, бие биедээ хань болсон бөгөөд нэг нэгнийгээ огтхон ч ялгаварлаагүй. Ус өөрийн дотор буй амьтдын төлөө оршин тогтнож, өөрийн өвөрт буй амьд биет болгоныг тэжээн тэтгэсэн бөгөөд үүний шим тэжээлийн улмаас бүхий л амьд биет усны төлөө оршин байлаа. Бүгд бие биедээ амьдрал олгосон ба үүний зэрэгцээ Бүтээгчийн бүтээлийн ер бусын байдал, агуу байдал болон Бүтээгчийн эрх мэдлийн хэмжээлшгүй хүч чадлыг бүгд гэрчилсэн юм...
Далай тэнгис цаашид чимээгүй байхаа больсонтой адилаар тэнгэр ч гэсэн амьдралаар дүүрч эхэлсэн. Том болон жижиг шувууд нэг нэгээрээ газраас тэнгэр лүү хөөрөн ниссэн юм. Далайн амьтадтай адилгүй нь туяхан гоёмсог биеийг бүрхсэн далавч болон өд сөд тэдэнд байв. Тэд далавчаа дэлгэн, өөрсдийн гоёмсог өдөн бүрхүүлийг болон Бүтээгчийн тэдэнд хайрласан онцгой хөдөлгөөн, ур чадварыг бахархалтайгаар, ихэмсгээр дэлгэн харуулж байлаа.




