(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.
(Эхлэл 6:18-22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.




