1) Есүс таван мянган хүнийг хооллосон нь
(Иохан 6:8-13) Шавь нарын нэг болох Симон Петрийн дүү Андрей Түүнд, энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна: гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс хүмүүсийг суулга гэв. Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, шавь нартаа өгч, шавь нар нь суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.
2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.
Эзэн Есүсийн гүйцэтгэсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон ба учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.
Эхлээд эхний ишлэлийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.
“Таван талх ба хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх ба хоёр загас нь ерөнхийдөө хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ нь таван талх ба хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү ишлэл дээр таван талх ба хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн бэ? Библид ингэж бичигдсэн байдаг: “Тэр газарт зүлэг их байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа.” Таван талх ба хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах нь боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондох ялгаа нь асар их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хангалттай хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг бүтээсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлээд зогсохгүй цаана нь бас үлдсэн. Библид ингэж байдаг: “Хүмүүс цадсаны дараа, Тэр шавь нартаа, юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Тиймээс хүмүүсийг хооллоод илүү гарсан таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.”



