Иов шалгалтуудыг хэрхэн туулсныг мэдээд та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!
Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно
Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл, бид түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.
Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.
“Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр, “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал—үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан төлөв нь ямар байсныг харснаар эхлэх болно. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн түүний зан чанар болон мэрийлтийн талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүмүүсээс хамгийн агуу нь байсан юм”. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас уу гэдгийг бидэнд хэдийгээр хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тэр их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, түүний хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байж болох юм; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв (Иов 1:4-5). Энэ ишлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж идэж, уун найрладаг байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн.






