Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхий ойлголттой болонгуутаа бид, Бурхан нүглийн хот хэмээн үзэж байсан—Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болно. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн ба яагаад Тэр үүнийг бүрмөсөн устгасан бэ гэдгийг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож авах болно.
Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүслийг болон хүний муу талыг бүрэн хангаж чадах хот байсан. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, илбэдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал галзууралд аваачсан. Үүний хорон муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг доройтолд хүргэсэн юм. Энэ нь бохир заваан сүнс, муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байсан; энэ нь цуст, илжирсэн үнэрээр дүүрсэн аллага, нүгэл хилэнцээр бялхаж байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн эндээс дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн жинхэнэ замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж эсвэл нүглээс холдон зайлахыг эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, ялзруулалт болон хууран мэхлэлт дор амьдарч байсан. Тэд өөрсдийн хүнлэг чанараа гээсэн; тэд өөрсдийн мэдрэмжээ алдсан ба тэд хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байсан юм. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; тэд Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Эдгээр хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлсийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан юм.





